
10:33 PM

GECKO
Бие даалт 4
Үзэх кино : The Pursuit of The Happyness
Унших сэдэв:

П.Батхуяг “Долоо хоногийн бороо”
Манай хотод долоо хоног өдөр шөнө амсхийлгүй бороо цутгасан юм. Хаашаа л
харна нуур далай шиг их ус цэлэлзэж байлаа. Би тэр өдөр ус туучиж
явсаар найзындаа хүрч очтол, тэдний гэр байсан жалга үерийн усаар
дүүрчээ. Айх гайхах зэрэгцэж, ийш тийшээ гүйж, хажуугаар гарсан
хүмүүсээс асуусан боловч хэн ч олигтой хариу өгсөнгүй. Бүгд л мэдэхгүй ээ, мэдсэнгүй, мэдэхгүй ээ … гэж бүгдээрээ мөрөө хавчиж зугтацгаана.
Энэ булингартай ус муу найзыг минь залгиж орхиж дээ. Бодохоос ч аймаар юм. Гэхдээ бодохгүй гээд ч яах билээ дээ.
Анх найзтайгаа би танилцах үед юунд тэгтлээ баярлаж хөөрдөг байсан нь
мэдэгдэхгүй дандаа л инээж явдаг хүү байлаа. Зарим нэг хүн надад найзыг
минь “хөөрхий минь тэнэгдүү юм байгаа юм” гэж хэлж байлаа. Харин би
өнөөх тэнэгдүү хүүтэй нэг л мэдэхэд ойр дотно үерхэж, найзлах болсон юм.
Намрын орой голын харгиа чагнаж суухтай нь анх тааралдаж билээ.
Байгалийн тийм уянгалаг сайхан хөгжмийг шимтэж сонсох тэрийг хараад би
ямар нэгэн нууцлаг увидастай гэдгийг нь мэдрээд байсан боловч чухам ямар
гайхамшигтайг нь олж мэдээгүй юм. Би тэрэнд дөхөж очоод хажууд нь
суухад тэр намайг анзаарсангүй.
-Голын харгиа ч сайхан шүү
гэсэнд тэр огт хариу хэлсэнгүй. Тэр байтугай над руу эргэж ч харсангүй.
Би дотроо жаахан эгдүү хүрч “энэ муу тэнэг чинь яасан их зантай амьтан
бэ” гэж бодоод нэлээд хөндий дуугаар:
-Чамайг хүмүүс тэнэг гэлцэх юм
байна лээ. Чи яагаад тэгээд дандаа ганцаараа ярьж, инээж явдаг юм?
Харин тэр энэ удаа над руу харж удаан гэгч нь марсайтлаа инээгээд ус
уруу заалаа. Голын ус тунгалагшсан намар цаг болохоор ёроолын чулуу
бүхний өнгө ялгарч, үнэхээр үзэсгэлэнтэй сайхан харагдана. Хэдий
жирвэлзэж одох урсгал ус ч хүүхэд багын минь гэнэн цагаахан дүрсүүд
тодхон үзэгдэнэ. Тэр над руу дахиж марсайтал инээснээ:
-Чи хөгжим
тоглож чадах уу? гэж асуулаа. Хариуд нь би толгой сэгсрээд мөнгөлөг
хайрс нь наранд гялалзаад урсгал өгсөж яваа жараахайн сүргийг ажиж
суусан юм. Хаашаа юунд ч юм яарч яваа тэр л загаснууд надад амь нэгтэй
ахан дүүс шиг л санагдаж билээ. Одоо хэрнээ тийм олон загас сүрэглэж
явахыг хараад би ихэр тугал шиг ижилдэн дассан хэдэн сайн нөхдөө санадаг
юм. Гэтэл тэд нарын минь нэг усанд гэртэйгээ хамт живчихсан байдаг. Би
яарч сандарч гүйсээр цагдаагийн газар ирлээ.
-Тэнд, тэнд нэг гэр
байсан юм аа... Гэтэл үерийн усанд живчихсэн байна гэсэнд жижүүрийн
бололтой цагдаа намайг их л сэжиглэнгүй харснаа удаан гэгч нь газрын
зураг гаргаж, тайван гэгч нь харснаа:
-Иргэн та тэнд гэр байсан
гэдгийг баталж байна уу? Бидэнд байгаа зураг дээр бол таны хэлээд байгаа
газар юу ч тэмдэглэгдээгүй л байна даа. Арай та андуурч эндүүрээд
байгаа юм биш биз гэлээ. Хариуд нь би:
-Та ойлгож байна уу? Муу найз
минь тэнд хүн бүхэнтэй зөрсөөр байгаад гэрээ барьж буусан юм аа.
Хамгийн гол нь тэнд нэг жижигхэн горхи урсдаг байсан юм. Тэр горхины
хоржигнох чимээг сонсож байх гэж л тэр шүү дээ.
-Тэгвэл наад айл чинь зөвшөөрөлүй газар буусан л айл байна ш дээ.
-Үгүй ээ, та чинь...
-За, за. Очиж үзье даа гэж арайхийж суудлаасаа өндийсөн юм.
...Тэр бид хоёр уулын орой дээр гарч суух дуртай байсан юм. Уул өөд
өгсөж явахдаа надтай юу ч ярихгүй. Зөвхөн өндөр оргилыг гүн хүндэтгэлтэй
ширтэж:
-Тэнд хүрвэл ч сайхан хөгжим олж сонсоно доо гэж надад
сонсогдохоор чанга хэлдэг байлаа. Уулын оргил дээр салхи ямар сайхан
хөгжим эгшиглүүлдгийг тэр бид хоёр хачин сайн мэддэг байж билээ. Уулзах
тоолондоо л тэр “саяхан Чайковскийг сонслоо. Олон зуун удаа сонссон ч
сонсох болгонд нэг нэг шинэ ухаан нэмэх юм аа. Тэгээд Моцарьт, Бетховэн
хоёр байна. Тэр хоёрт нэг гайхамшигтай ижил гүн ухаан бий. Чи тэр
болгоныг мэдрэх хэрэгтэй. Ялагдашгүй байх гэдэг чинь үргэлж тэмцэгч
байхын хүслэн юм шүү дээ. Харин надад бол маш олон хүсэл байдаг.
-Чи хөгжим тоглож сурмаар юм. Ялангуяа төгөлдөр хуур. Чам шиг хүнд
хөгжим тоглож сурах ч юухан байх вэ дээ. Харин би бол ч барахгүй даваа.
-Үгүй ээ, хүн болгонд авьяас байдаг гэнэ лээ. Харин надад бол ер бусын
хүмүүсийн зохиосон хөгжмийг, тэр тусмаа байгаль гэдэг энэ агуу
зохиолчийн хөгжмийг сонсох мэдрэх хувь оноосон бололтой гэж хэлээд
марсайтал инээж билээ.
“Их сургуульд хөгжим судлаачийн ангид ор оо”
гэж би тэрэнд олон удаа ятгасан боловч тэр надаас зөрсөөр байгаад
байгаль шинжлэлийн ангид орсон юм. “Би байгалийн хөгжим судлаач болно
оо” гэж тууштай шийдэж билээ.
Тэр тэгсэн болохоороо ч өнөөдөр
энэ горхины хажууд гэрээ барьсан нь энэ шүү дээ. Тэр хүний амьдралд
хөгжим байхгүй бол ямар ч алтан сэнтий, мөнгөн ширээ байлаа ч тоож
үзэхээргүй тийм тэнэг хүн байж билээ.
Усанд шумбагч багийнхан
олон удаа шумбаж байж муу найзыг минь олж гаргасан юм. Хөөрхий дөө муу
найз минь үхэлтэй усан дотор л уулзах учиртай байж дээ. Талийгаачийг
хөдөөлүүлснээс хойш яг долоо хоногийн дараа тэр миний зүүдэнд орж ирсэн
юм. Тэгээд марсайтал инээснээ:
-Бороо шаагиж эхлэхэд надад гэрээсээ
зугтаж гарах боломж байсаан. Даанч хүсэл байгаагүй. Чи бид хоёр дандаа л
усны инээх сайхан дуу чимээг сонсож байснаас уурлах, архирах дууг нь
сонсож байгаагүй биз дээ. Би зөвхөн үерийн усны дууг л сонсож, мэдрэх
гэсэн юм. Үнэхээр гайхалтай, бүр гайхалтай, бүр аймшигтай юм билээ гээд
усанд норсон халимгаа арагш нь илээд, надад чамаас өөр найз байхгүйг чи
мэднэ. Чамаас өөр намайг хэн ч ойлгож байгаагүй. Тэгээд ч надад бусадтай
адил яриад байх түүх намтар ч гэж байхгүй. Гэхдээ надад нэг нууц бий.
Би тэрнийгээ хэзээ нэгэн цагт ярина гэж боддог байсан юм. Гэвч амьддаа
амжсангүй дээ, найз минь.
-Нууц аа...?
-Тийм ээ нууц, яах
аргагүй нууц. Аав ээж хоёр минь хэлгүй, дүлий хүмүүс байсныг чи мэднэ
дээ. Тэд минь намайг жаахан хүүхэд байхад өөрсөд шиг нь хувь дутуу болж
төрөөгүйд яаж баярладаг байсныг тодхон санадаг юм. Тэр хоёр минь миний
хоёр талд суугаад надад хөгжим сонсгодог байж билээ. Тэгээд намайг
хараад хоёулаа уйлаад л суудаг сан. Тэгээд дараа нь духан дээр минь
ээлжилж үнсээд, аав минь миний урд гарч гар хөлөө салбагануулан
бүжиглэдэг байж билээ. Би түүнийг нь хараад нир хийтэл инээхэд ээж минь ч
гэсэн намайг дагаад учиргүй чангаар инээдэг байж билээ. Мөн ч сайхан
байж дээ. Би тэр хоёроосоо хөгжмийг сонсох биш мэдрэх нь чухал юм аа
гэдгийг ойлгосон юм.
-Чи тэгээд надаас юуг нууцалж байсан юм бэ?
-Арван найм, естэй байх үеэс л миний сонсгол муудаж эхэлсэн юм аа. Харин би таван жилийн өмнөөс юу ч сонсохоо больсон.
-Гэхдээ чи надтай зүгээр л ярьдаг байсан биз дээ?
-Тийм ээ, би чамайг сонсдоггүй байсан. Гэвч чамайг би мэдэрдэг байсан
юм. Би бүх ертөнцийг сонсох биш ганцхан мэдэрдэг байсан юм аа. Би олон
жил сонсох биш ганцхан мэдрэхийн төлөө байсныг чи гадарлаагүй. Харин
бүгд л намайг … гээд найз минь нэг их уртаар санаа алдсанаа, за найз нь
аав ээж хоёрыгоо зорих цаг болжээ. Үзэх, харах, сонсох, үнэрлэх, амтлах
чухал биш бүгдийг, бүгдийг мэдрэхэд л … гээд утаа шиг замхраад алга
болсон юм.
Би өглөө сэрээд цонхоор харж зогсохдоо сонсголтой мөртлөө дүлий, нүдтэй мөртлөө сохор хүмүүсийн тухай бодож зогссон юм
kino ni alga bna shde
ReplyDelete